-Бүх салбарын сахилга, хариуцлагыг сайжруулах талаар хэлэлцэнэ-

Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагвын санаачилгаар “Ард түмэн Та-Хаан” үндэсний форум энэ сарын 7-ны өдөр Соёлын төв өргөөнд “Сахилга-хариуцлага” сэдвийн дор зохион байгуулагдах гэж байна.

Хоёр дахь жилдээ зохион байгуулагдах гэж буй уг форумыг өмнөх жил иргэд, олон нийтийн эрх ашиг, эрүүл мэндийг хамгаалах, иргэн, аж ахуйн нэгжид тулгамдаж байгаа асуудлыг судлан шийдвэрлэх, хэрэглэгчийн болон иргэний нийгмийн оролцоог өргөтгөх, идэвхижүүлэх зорилгоор зохион байгуулж байсан бол энэ удаад төр, хувийн хэвшил болоод иргэний сахилга, хариуцлагыг сайжруулах, дээшлүүлэхэд юу хэрэгтэй, хэрхэн үр дүнд хүрэхийг тодорхойлох зорилт тавьж байна.

Форумд нийслэл, орон нутгийн 1000 гаруй төлөөлөгч оролцож, сахилгатай, хариуцлагатай иргэн, өрх, баг, сум, аймаг, төрийн захиргааны байгууллага, компани бий болгох арга замын талаар хэлэлцэх юм.

Төр бол ард түмний зарц. Харин ард түмэн бол ХААН гэдэг. Гэхдээ иргэд аливаа асуудлын талаартодорхой мэдлэг, мэдээлэлтэй байж, бүгдэд ул суурьтай ханддаг, хариуцлагатай, сахилга баттай байх ёстой. Хамгийн гол нь хэлсэн үг, хариуцсан ажил, хийж буй үйлдэлдээ хариуцлагатай ханддаг байх нь улс орны хөгжлийн гол түлхүүр. Энэ нь иргэн бүрийг хариуцлагатай байж гэмээнэ хаан лугаа эрхээ бүрэн эдэлж чадна гэсэн үг юм.

Гэвч бид хийж буй ажил, хэн нэгэнд өгсөн амлалт, үүрэг даалгавартаа хариуцлагатай хандаж тэр бүр чаддаг бил үү. Ялангуяа УИХ-ын гишүүд, шийдвэр гаргагч эрх мэдэлтнүүд, төрийн албан хаагчид, эрх мэдэл бүхий дарга албан тушаалтан, хууль, хяналтын байгууллагынхан, иргэнд үйлчлэгч үйлчилгээний байгуулага бас иргэн та өөрөө хариуцлагатай байж чаддаг уу.

Өдгөө төр иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшлийн аль ч салбарт ажил үйлчилгээ эрх, үүргийн сахилга, хариуцлага ямар түвшинд байна вэ. Салбар бүрт амлалт, үйл ажиллагаа, эдийн засаг, төлөвлөгөөний биелэлт гээд байж болох ажил бүрт хариуцлагагүй хандсанаас үүдэлтэй учирсан хор хохирол өдий төдий бий. Хамгийн ойрын жишээ гэхэд буруу тооцоолж, хэт хөөрөгдсөнөөс үүдэлтэй 2013 оны төсөв, төсвийн алдагдал, “Жаст”, “Алтандорнод Монгол” зэрэг томоохонд тооцогдож, дуулиан, шуугиан тарьж байсан компаниудын ажилтан, удирдлагын сахилга, хариуцлагагүй байдлын улмаасдампуурч төр нийгэмд асар их хохирол учруулаад үүдээ хаасан жишээ олныг дурдаж болно. Энэ мэт хариуцлагагүй үзэгдэл улсын хөгжлийг хэрхэн хойш татаж, олон хүнийг хөлдөө чирч буйг бид мэднэ. Гэтэл энэ нь ердөө л хэн нэгний хийж буй ажилдаа хариуцлагагүй, ёс зүйн сахилга батгүй хандсаны үр дүн юм. Сахилга, хариуцлага гэгч чухам юу юм бэ. Ялангуяа иргэн танд эрхээ эдэлж, үүргээ биелүүлэхэд, амар тайван амьдрахад тань сахилгатай, хариуцлагатай байх нь ямар ач холбогдолтой юм бэ. Хариуцлага, сахилгатай иргэн, ажилтан, төрийн албан хаагч, улстөрч байхын тулд юу хийх ёстой тийм байснаар юунд хүрэх вэ. Энэ бүх асуултын хариулт ердөө л “Биеэ засаад гэрээ зас, Гэрээ засаад төрөө зас” гэсэн ардын зүйр үг юм. Тодруулбал, биеэ засч, гэрээ төвхнүүлсэн иргэн төрийг түүртэх юмгүй авч явна гэж үздэг. Энэ нь улс орны хөгжил, ирээдүй ёс зүйтэй, мэдлэгтэй, хариуцлагатай иргэн танаас шалтгаалдаг гэсэн үг.

Дэлхийн хүн ам ердөө 30-хан жилийн дотор таван тэрбумаар өслөө. Харин Улаанбаатар хотын хүн ам 20 жилийн дотор нэг саяар нэмэгдсэн. Хүн амын тэлэлтийг дагасан нийгмийн хурдтай хөгжилтэй хөл нийлүүлэн амьдрахын тулд хүн бүр сахилга, хариуцлагыг эрхэмлэх шаардлага тулгарч байна. Хотын соёл, цэвэр цэмцгэр орчин, тохилог амьдрал, соёлтой боловсон үйлчилгээ, мэдлэг, мэдээлэлтэй иргэд гээд энэ бүхнийг амьдрал дээр цогцлоон бүрдүүлж байж хүн сайн сайхан ажиллаж амьдрах нөхцөл бүрдэнэ. Тиймээс ХААН хэмээн өргөмжлөгдөөд байгаа Иргэн та хамгийн түрүүнд өөрийнхөө мэдлэг болоод дотоод сэтгэлийг, ажил үйлсдээ хандах хандлага, биелэлтдээ хариуцлагатай болох хэрэгтэй юм. Мөн иргэн бүр хариуцлагатай, өөрийн амьдралаа бусдаас хамааралгүй аваад явчихдаг байх нь чухал юм. Иргэн бүр ийм байж чадвал тухайн баг, хороо, сум дүүрэг хөгжинө. Цаашлаад аймаг, хот улс хөгжинө.

Ард түмнээ ХААН-д өргөмжилсөн улс хөгждөг гэдэг. Тэгвэл Монгол Улсын иргэн та хариуцлагатай, сахилга баттай ХААН байснаар айсуй хөгжлийг түргэтгэж, дэлхийд ёс суртахуун хийгээд амар тайван амьдралаар түүчээлэгч орны иргэн болох болно. Үүний эхлэлийг Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагвын санаачилсан “Ард түмэн Та Хаан-2013” уулзалт хэлэлцүүлэг тавьж байна.

Иргэн та Монгол Улсын Засгийн газрын 11-11 төв, zasag.mn сайтуудаар дамжуулан бидэнтэй саналаа хуваалцаарай.